Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

UPTODATE ЦАХИМ ПЛАТФОРМЫН МЭДЭЭЛЭЛ

2023/04/14

 "Алсын хараа-2050"  бодлогын хүрээнд  нотолгоонд суурилсан орчин үеийн оношилгоо, эмчилгээний техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго тавин ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд олон улсын эмнэлзүйн UPTODATE цахим платформыг Монгол улсад нэвтрүүлснээс хойш 2 орчим жилийн хугацаа өнгөрсөн байна.                                

UPTODATE нь эмнэлгийн мэргэжилтнүүдэд сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний үр дүн, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний талаар бүх төрлийн мэдээллийг нэг эх сурвалжаас богино хугацаанд авах боломжтойгоос гадна эмийн тун тооцоолох аргачлал, эмийн эмчилгээний гаж нөлөө, 2 ба түүнээс дээш эмийн харилцан үйлчлэл гэх мэт чухал мэдээллээр эмч нарыг хангадаг давуу талтай юм. Уг цахим платформыг тусламж, үйлчилгээнд өргөн ашигласнаар ард иргэдэд өндөр хөгжилтэй оронд хийгддэг эмчилгээг өөрийн оронд харьцангуй бага өртгөөр хийх, гадагшаа урсах эмчилгээний зардлыг бууруулах, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах үр дүнтэй. Мөн үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох тусгайлан бэлтгэсэн мэдээллийн хэсэг нь эмч нарын цагийг хэмнэх, тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бууруулах ач холбогдолтой юм.

Энэ хугацаанд UPTODATE цахим платформын үндэсний сургагч багш бэлтгэх, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан богино хугацааны багц цагийн сургалт зохион байгуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гарын авлага, цахим хичээлээр хангах зэрэг ажлуудыг  тус төвийн зүгээс  хэрэгжүүлэн ажилласны үр дүнд 2023 оны 3 сард UPTODATE цахим платформын хандалт 51 215 болж, өссөн үзүүлэлттэй байна.

Зураг 1. Монгол эмнэлгийн мэргэжилтнүүдийн UPTODATE цахим платформд хийсэн хандалт / 2022 оны 3 сараас 2023 оны 3 сар/

Монгол эмч нарын цахим платформд хийсэн хандалтын тоо өмнөх жилийн 3 сарын үзүүлэлттэй харьцуулахад 11 600 хандалтаар өсч, 51 215-д хүрсэн үзүүлэлттэй байна. 2022 оны 7,8 сард хандалтын тоо  огцом буурч, 9 сараас эхлэн нэмэгдэж, 11 сард оргил үе буюу 54 525-д хүрсэн байна. Хандалт хийсэн эмч нарыг мэргэшлээр нь авч үзвэл хүүхэд, хоол боловсруулах эрхтэн судлал, элэг судлал, халдварт өвчин судлал, эх, барих, эмэгтэйчүүд судлал, мэдрэлийн эмгэг судлалын эмч нар хамгийн олон хандалтыг хийсэн байна.

Зураг 2. Хамгийн олон хандалт хийсэн 5 мэргэшлийн эмч /хандалтын тоогоор/

2023 он гарсаар 3 сарын хугацаанд хүүхдийн эмч нарын UpToDate цахим платформд хийх хандалт ямагт тэргүүлж, 1 болон 3 сард 5 мянган гаруй, 2 сард 3 500 орчим байлаа. Хоол боловсруулах эрхтэн, элэг судлал, халдварт өвчин судлал, эх барих, эмэгтэйчүүд судлал, мэдрэл судлалын мэргэжлийн эмч нарын хандалтын тоо байнга олон хандалттай мэргэшлийн тоонд орж байна. 2023 оны 1 сард эмтэй холбоотой мэдээлэл 3 723 хандалт авч тухайн сардаа олон хандалттай 5 дахь чиглэлд багтжээ. UpToDate цахим платформыг анагаахын бүхий л мэргэжлийн ажилтнууд болон оюутнууд ашиглаж байна.

Зураг 3. UpToDate цахим платформыг ашиглаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд, оюутнуудын эзлэх хувь

Цахим платформын хэрэглээгээр их эмч нар тэргүүлж, нийт хандалт хийсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийн тал хувийг эзэлж,  анагаахын оюутнууд 20%, резидент эм нар 17%-ийг тус тус эзэлж байна. Эм зүйч, сувилагч нарын хэрэглээ туйлын бага, нийт хандалтын 2%-ийг тус тус эзэлж байна.

UpToDate-ийг эмч нар оношилгоо, эмчилгээнд түлхүү ашиглаж байгаа ба өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өвчний тавилангийн талаар мэдээлэл авах зорилгоор харьцангуй бага ашигласан байна.

Зураг 4. UpToDate-ийг хэрэглэсэн зорилго /хувиар/

Цахим платформыг ашигласнаар эмнэлгийн мэргэжилтнүүд нь үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж, үйлчилгээний төлөвлөгөөг бататгах, зарим үед өөрчлөх зэрэг үр дүн гарсан байна.

Зураг 5. Цахим платформыг хэрэглэснээр гарсан үр дүн

Судалгаанд хамрагдсан 490 эмнэлгийн мэргжилтний 33% буюу 3 хүн тутмын 1 нь UpToDate-ээс авсан мэдээлэл хангалтгүй, нэмэлт материал шаардлагатай гэж хариулжээ.