Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

“ВАЙТАЛЛИНК АКАДЕМИ ТҮВШИН-2” СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ СУРАЛЦЛАА

2024/06/25

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Вайталлинк академи түвшин-2” сургалтад 2024 оны 6 дугаар сарын 3-наас 16-ны өдрүүдэд ЭЭЭШСҮАЗА-ны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга, мэргэжилтэн Г.Батцэцэг нар оролцлоо.

Энэхүү сургалтаар олон улсын эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны менежмент, туршлага, тархины үхэл тодорхойлох менежмент, гэр бүлтэй уулзах, донорын зөвшөөрөл, эрхтэн шилжүүлэн суулгалтад өвчтөний оролцоо, шашны нөлөөлөл, эрчимт эмчилгээний тасгийн хүний нөөцийг чадавхжуулах, тасралтгүй сургах, боловсролоор дамжуулан олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, донорын зөвшөөрлийн үйл ажиллагааг нэмэгдүүлсэн туршлага, эрхтэн шилжүүлэн суулгалтын ёс зүй, цуллаг эрхтний цусан хангамжийг хадгалах, амьд донороос эрхтэн авах дуарнгийн мэс засал, авсан эрхтнээ бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, эд нийцлийн тохирооны лаборатори болон эдийн банкны үйл ажиллагаа зэргийг үзэж танилцан туршлага судлан мэдлэгээ дээшлүүлсэн. 

Мөн Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Ан Гю Ри, дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны дэд ерөнхийлөгч АНУ-ын харвардын их сургуулийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, иммунологийн лабораторийн эрхлэгч Стефан Тюллус, Виталлинк академийн зөвлөх Жереми Чапман нартай уулзан цаашид хийгдэх сургалт, хамтын ажиллагааны талаар ярилцан санал солилцсон.

Дэлхийд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгалтаар Испани, АНУ, Португаль зэрэг улс тэргүүлдэг бол БНСУ жилд 400 гаруй мэс заслыг тархины үхэлтэй донороос хийж байна. Манай улсын хувьд 2018 онд энэхүү алба байгуулагдсан бөгөөд үндэсний хэмжээнд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулж байна. 2024 оны 6 дугаар сарын байдлаар 30 тархины үхэлтэй донороос 43 хүнд бөөр, 26 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай зохион байгуулж 69 хүнд амьдрал бэлэглээд байна.