Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн Өдөр”, 9 дүгээр сарын 17

2020/09/14

   “Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхий Өдөр”,   9 дүгээр сарын 17

            
                2019 оны 5 дугаар сард Женев хотод болсон Дэлхийн эрүүл мэндийн 72 дугаар чуулганаар  “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаархи Дэлхий нийтийг хамарсан арга хэмжээ авах тухай”  WHA72.6 тогтоолыг баталж, жил бүрийн 9 дүгээр сарын 17-ныг тэмдэглэлт өдөр болгохоор тогтсон.

               “Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн Өдөр”-ийн зорилго нь эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчийн эрсдэлд өртөх тохиолдлыг бууруулах, аюулгүй байдлын асуудалд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх үйл ажиллагааг сурталчлах юм.  Энэхүү өдрийг манай улс 2 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  

   КОВИД-19 цартахал  хүн төрөлхтөний өмнө тулгарч буй сорилт болоод байгаа бөгөөд энэхүү цартахлын улмаас дэлхий даяар эрүүл мэндийн салбар өвчтөний аюулгүй байдлын томоохон хямралыг даван туулж байна!

   Гэсэн хэдий ч мэдлэгтэй, чадварлаг, хүсэл эрмэлзэлтэй эрүүл мэндийн ажилтнууд үйлчлүүлэгчдэд аюулгүй тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн Өдрийн Зорилт

  • Үйлчлүүлэгчийн болон эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлын харилцан хамаарлын талаар  олон нийт,  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, шийдвэр гаргагчид,  эрүүл мэндийн ажилтны  мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх,
  • Эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах,
  • Ковид-19 цартахлын үед ажиллаж буй эрүүл мэндийн ажилтны  хөдөлмөр, зүтгэлийг зохих ёсоор үнэлэх;

Уриалга         

                Дэлхийн хэмжээнд Ковид-19 цартахлын улмаас эрүүл мэндийн ажилтнуудад  томоохон бэрхшээлүүд тулгарч байна.        

              Сэтгэлзүйн болон ажлын ачаалал ихтэй орчинд ажиллах нь тэдний аюулгүй байдлын эрсдлийг нэмэгдүүлж байгаагаас гадна халдвар авах, эрүүл мэндийн байгууллагад цартахлын дэгдэлт гарах, хувийн хамгаалах хэрэгслэл ашиглах дүрмийг буруу мөрдөх, халдвараас урьдчилан сэргийлэх, хянах бусад арга хэмжээг дутуу авах зэргээр өвчтөнийг ч, өөрийгөө ч эрсдэлд учруулж болзошгүй нөхцөл байдал үүсч байна.

                Олон оронд эрүүл мэндийн ажилтнууд халдвар авах, хүчирхийлэл, осол гэмтэл, гутаан доромжлолд өртөх, өвдөх, түүгээр ч зогсохгүй амь насаа  алдах эрсдэлтэй  тулгарч байна.

               Иймээс ДЭМБ-аас  “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЯ!”  хэмээн уриалж байна.

Улбар Шар Өнгийн Гэрэл асаацгаая

          Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас  энэ жилийн арга хэмжээг цартахлын үед болж байгаатай  холбогдуулан  виртуал болон бусад үйл ажиллагааг хослуулан зохион байгуулахаар төлөвлөж байна.

              Эдгээр өдрүүдэд Орон нутгийн эрх баригчдаас Улбар шар гэрлийг хөшөө дурсгал,  олон нийтийн болон дурсгалт газруудад тусгахыг уриалж байгаа бөгөөд энэ нь уг арга хэмжээг тодотгон, эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсадад хүндэтгэл, талархлаа илэрхийлж буйн дохио болох юм.