Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.04 сар
14,320
Халдварт бус өвчин 2025.04 сар
1,278,623

“ОНОШИЛГООНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024/09/13

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдрийг угтан Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын сарын аян зохион байгуулах уриалгыг эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.  

Тэмдэглэлт өдрийг угтан 09 сарын 13-ны өдөр тус төвийн Магадлан итгэмжлэлийн албанаас ЭМЯ, ДЭМБ, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран “Оношилгооны аюулгүй байдал” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Арга хэмжээг нээн ЭМЯ-ны Лавлагаа шатны тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвжав, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал М.Адилсайхан нар үг хэлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаар эмнэлгийн мэргэжилтэн, ард иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, оношилгоотой холбоотой үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирлоос сэргийлэхийн ач холбогдлын талаар онцлон тэмдэглэсэн. 

Нээлтийн арга хэмжээний үеэр Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын бэлгэ тэмдэг болсон улбар шар өнгийн гэрлийг Монгол-Японы эмнэлгийн угтах хэсэгт асааж, Монгол эмнэлгийн мэргэжилтнүүд дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийн үйл ажиллагаанд нэгдэж буйг илэрхийлэв. 

Өдөрлөгт төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн Эрүүл мэндийн төв,  Нэгдсэн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын албаны ажилтнууд гэх мэт 108 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа. 

Эмнэлгийн мэргэжилтнүүд тус эмнэлгийн Эмнэлзүйн төв лаборатори, Эмгэг судлал, Дуран, Дүрс оношилгооны тасгуудын  оношилгооны аюулгүй байдлыг ханган ажиллаж буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, туршлага судлав.