Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.05 сар
22,597
Халдварт бус өвчин 2025.05 сар
1,608,882

ГАДААД СУРГАЛТАД ХАМРАГДСАН БАГИЙН БАГА ЭМЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024/01/05

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд ЭМС-ын 2023 оны А/422, ЭМХТ-ийн захирлын А/139 дүгээр тушаалаар батлагдсан удирдамж, нэрсийн дагуу орон нутгийн багийн бага эмч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох сургалтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон Улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран 2023 оны 12 дугаар сард амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаасаа ажил мэргэжлээрээ манлайлсан, байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, мөн цаашдаа тогтвортой ажиллах, өмнө нь гадаад сургалтад улсын зардлаар суралцаж байгаагүй нийт 84 багийн бага эмчийг 2 ээлж болгон хамруулсан юм.

Гадаад сургалтад хамрагдсан 2-р ээлжийн 42 багийн бага эмч нарыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар хүлээн авч уулзсан ба сургалтын сэтгэгдлийг сонсохоос гадна хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй хүндрэл, тэдгээрийг шийдэх арга замын талаар санал солилцсон юм. Мөн цас зудын аюул, эрсдэл өндөр байгаа энэ цаг үед эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний тэргүүн шугамд ажиллаж байгаа багийн эмч нарт зайлшгүй шаардлагатай багцаар хангасан. Уг багцад даралтны аппарат, электрон өндөр хэмжигч, пульсоксиметр, халуун хэмжигч, амьсгал тоологч, дөрвөн төрлийн шижилгээний түргэвчилсэн оношлуур зэрэг анхан шатны тусламж үзүүлэхээр очиход нэн шаардлагатай зүйлсийг багтаасан байна.