ЭХ БАРИХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЯПОН УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026/09/02Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн алба нь Япон Улсын “Эмнэлгийн технологийг олон улсад түгээн дэлгэрүүлэхийг дэмжих төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад төслийг хэрэгжүүлэгч Япон улсын Токиогийн эрүүл мэндийн их сургуулийн эх барихын танхимийн тэргүүн Окамото Киёко, дэд тэргүүн, төслийн удирдагч Ватанабэ Каори, их сургуулийн багш, эх баригч нарын нийт 9 төлөөлөл болон Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Д.Дондогмаа, албаны мэргэжилтнүүд оролцлоо.
Япон Улсын Эрүүл мэнд хөдөлмөрийн яамны дэмжлэгтэй хэрэгжиж буй тус төсөл нь Монголын эх баригчдын төрөлтийн үед үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, төрөх замын халдвар болон хүндрэлээс сэргийлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд Монголын эх баригчдын нийгэмлэгээс эх баригчдад зориулсан сургалтыг 2026 оны 8 дугаар сарын 29–30-ны өдрүүдэд зохион байгуулж, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс тус сургалтад оролцогчдод багц цагийг олгосон.
Уулзалтын үеэр Япон улсын төслийн багаас өмнөх шатанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон одоо хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, цаашид сургалтыг орон нутагт зохион байгуулж өргөжүүлэх, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сургагч багшийн чадавхыг бэхжүүлэх, Монгол Улсын эх барихуйн тусламж үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамжтай уялдсан сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлэв.
Мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албанаас Монгол Улсын эх барихуйн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо, шинэ эх баригчийн ажлын байрны сургалт, эмнэлзүйн сургагч багшийн чадавхыг бэхжүүлэх зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцууллаа.
Уулзалтаар сургалтын агуулга, сургагч багш болон сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, орон нутагт сургалт зохион байгуулах боломжийг нэмэгдүүлэх талаар санал солилцож, цаашид эх баригч мэргэжилтний эмнэл зүйн ур чадвар, эх, нярайн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллах талаар санал нэгдлээ.






Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ