Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.6 сар
26,044
Халдварт бус өвчин 2026.6 сар
1,895,506

Эдийн засгийн ухааны доктор Ишийн Ядамсүрэн “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа

2026/07/07

Өнөөдөр тус төвийн ахмад ажилтан, Эдийн засгийн ухааны доктор, судлаач Ишийн Ядамсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа.

И.Ядамсүрэн нь Монгол Улсад эрүүл мэндийн эдийн засгийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн онол, арга зүйг боловсронгуй болгох, иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог санаачлан бий болгож, хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

Түүний санаачлан боловсруулсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн анхны төсөл 1993 онд батлагдаж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд түүхэн шинэчлэл хийсэн билээ. Энэхүү шинэчлэлийн үр дүнд улсын төсвөөс гадна эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоо бүрэлдэн тогтож, өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн үндсэн тулгуур механизм болон хөгжиж байна.

2021 онд “Иргэний эрүүл мэндийн даатгалын үүсэл хөгжил, түүхэн замнал” номоо хэвлүүлэн, Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо хэрхэн бий болсон түүх, бодлогын хөгжлийг нэгтгэн үлдээсэн нь энэ салбарын судлаачид, бодлого боловсруулагчдад үнэтэй эх сурвалж болсон юм.

И.Ядамсүрэнгийн олон арван жилийн уйгагүй хөдөлмөр, эрдэм шинжилгээний бүтээл, төрийн бодлогод оруулсан бодит хувь нэмрийг Монгол Улсын төр ийнхүү өндрөөр үнэлэн “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” хэмээх эрхэм цолоор шагнасан нь зөвхөн нэг эрдэмтний хөдөлмөрийг үнэлсэн хэрэг бус, Монгол Улсад эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн үе үеийн судлаачдын хөдөлмөрийг хүндэтгэсэн үйл явдал боллоо.

Эрхэм хүндтэй шагнал хүртсэн Ишийн Ядамсүрэн гуайд баяр хүргэж, эрүүл энх, урт удаан насалж, эрдэм оюуны их үйлс нь үргэлж дэлгэрэн хөгжихийг хүсэн ерөөе.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар