“ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛЬ” ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
2026/05/11Монгол Улсын Донорын тухай хууль анх 2000 онд батлагдаж, 2018 онд нэмэлт өөрчлөлт хийгдэн цусны донор болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай асуудлыг хамтад нь уг хуулиар зохицуулж ирсэн.

Тус хуулийг хэрэгжүүлэх явцад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах харилцаа нь тусдаа бие даасан хууль болох шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль” болон “Цусны донорын тухай хууль”-ийг шинээр боловсруулах ажлын хэсгийг 2022 онд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар байгуулсан. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба нь “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл” болон хуулийн үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандах судалгаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, танилцуулга зэргийг боловсруулсан.

Хуулийн төслийн анхны танилцуулга, хэлэлцүүлгийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцсон. Анхны ажлын хэсгийг ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төслийг 2022 онд Монгол Улсын Их хуралд өргөн барьсан.
Монгол Улсад анх удаа 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдсанаар 2025 онд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нар хуулийн төслийг дахин УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахлан ажиллаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 5 удаа, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 3 удаа хэлэлцэн 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.
Хууль батлагдсанаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааны эрх зүйн орчин шинэ шатанд гарч, донор болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулж буй иргэдийн эрх, аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн хамгаалах чухал нөхцөл бүрдэж байна.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль батлагдсанаар:
- Амьд донорын хүрээллийг улам тэлж, гэр бүлийн гишүүдээс донор болох боломжтой хүн байхгүй тохиолдолд хүргэн, бэрээс сонгох боломж бүрдэнэ.
- Амьд донорын насны доод хязгаар 21 нас, амьгүй донорт насны хязгаар заахгүй, эсийн донорын насны доод хязгаар 18 нас болно,
- Иргэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийлгэх боломж нэмэгдэнэ,
- Эсийн эмчилгээний шинэ технологи, хүйн цус, эд, эсийн банк байгуулах, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг эмчлэх шинэ боломж нээгдэнэ.
- Амьгүй донорын эрх зүйн зохицуулалт тодорхой болж, хүний эрх хамгаалагдана,
- Олон улсын жишгийн дагуу OPT OUT/OPT IN холимог тогтолцоо буюу Донорын карттай боломжит донор гарсан тохиолдолд гэр бүлд танилцуулан эрхтэн шилжүүлэн суулгах боломж бүрдэнэ,
- Амьгүй донорын гэр бүлд тухайн донор эрүүл мэндийн даатгал төлж байсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох боломж бүрдэнэ,
- Эрхтэн, хүний наймаанаас сэргийлэх хатуу хяналт, хууль эрх зүйн орчин бүрдэнэ,
- Шилжүүлэн суулгах эмчилгээний үйл явц нэг мөр, ойлгомжтой эрх зүйн орчинд орно,
- Донор, реципиенттэй холбоотой ёс зүйн асуудлыг хуулиар хамгаалсан тогтолцоо бүрдэнэ,
- Салбарын хүний нөөц, мэргэшлийг тогтвортой хөгжүүлэх суурь нөхцөл бий болно,
- Тээгч эх, үр шилжүүлэн суулгах харилцааг илүү ойлгомжтой болгож тээгч эх ашиглан үр шилжүүлэн суулгасан тохиолдолд биологийн эцэг, эхийн нэр дээр бүртгэх боломж бүрдэнэ.
Хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд оролцсон төрийн байгууллага, эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид болон дэмжлэг үзүүлсэн нийт байгууллага, иргэд олон нийтдээ талархал илэрхийлье.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ