Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙЧДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2025/12/25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийгмийн эрүүл мэндийн боловсролыг иргэдэд шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв хүргэх зорилгоор “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн багш нарыг чадавхжуулах” сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2023-2024 онд Монгол Улсад анх удаа “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” хөтөлбөрийг боловсруулан МУИС, МУБИС тэдгээрийн долоон их, дээд сургуульд нэвтрүүлсэн. Энэ удаагийн сургалт нь тус хөтөлбөрийг зааж буй багш нарын арга зүйг сайжруулах, эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн мэдээллийг энгийнээр тайлбарлан хүргэх ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэв.

Сургалтаар нийгмийн эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болох хоол шим тэжээл, хөдөлгөөний дутагдал, хорт зуршил зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн зөв сурталчлах талаар хэлэлцлээ. Сургалтад оролцсон багш нар болон сэтгүүлчид дараах асуудлуудыг онцолсон юм.

Эрүүл мэндийн сэдвээр дагнан бичих сэтгүүлчдийн нөөц хомс байгаа тул их, дээд сургуулиас нь мэргэшүүлэн бэлтгэх шаардлагатай байгааг дурдлаа.

Иргэдийн насны бүлэгт тохирсон, сонирхолтой бөгөөд шинжлэх ухааны баталгаатай контент үйлдвэрлэхэд санхүүгийн болон бодлогын дэмжлэг хэрэгтэйг онцлов. Сэтгүүл зүйн салбарынхан эрүүл мэндийн байгууллагуудтай нягт холбоотой ажиллаж, мэдээллийг “айдас” төрүүлэх бус “зөв дадал” хэвшүүлэх хэлбэрээр хүргэх нь чухал байна.

Сургалтын үр дүнд “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” хөтөлбөр улам боловсронгуй болж, ирээдүйн сэтгүүлчид эрүүл мэндийн чиглэлээр онолын болон практикийн өндөр мэдлэгтэй болох суурь тавигдаж байна. Энэ нь цаашид хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх соёлыг түгээхэд томоохон түлхэц болох юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар