Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024/09/25

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын зөвлөгөөн”-ийг 2024 оны 09 сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг зөвлөгөөн ийнхүү 4 дэх удаагаа болж байна.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон улсын Жайка олон улсын байгууллагын дэмжлэгтэй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн нэгжтэй хамтран зохион байгуулж буй уг зөвлөгөөн нь төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын чанарыг хадгалах, тогтвортой байдлыг хангах, тулгамдсан асуудлыг хэлэлцэх, сургалтын арга зүйч, эмнэл зүйн сургагч багш нарыг чадавхижуулах, харилцан туршлага солилцох зорилготой юм.

Зөвлөгөөний эхний өдөр “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх 15 байгууллага болон сургалт эрхлэхийг зорьж буй эрүүл мэндийн 6 байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүд болон эмнэл зүйн сургагч багш, суралцагч эмч нар 100 орчин мэргэжилтнүүд оролцож, эмнэл зүйн таамаглал дэвшүүлэх, онош тавих, суралцагчдын суралцахуйг дэмжих эргэн зөвлөгөөний аргын талаар эмнэл зүйн хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалтын чанарыг тогтвортой хадгалан, өргөжүүлэх чиглэлээр ур чадвараа дээшлүүлсэн.

Өнөөдөр буюу 2 дахь өдрийн зөвлөгөөнөөр төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага болон аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн, сургалтын мэргэжилтэн зэрэг 83 байгууллагын  160 орчим оролцогч оролцож байна.

Энэ удаад эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо, өнөөгийн байдлаа дүгнэн, харилцан туршлага солилцож, тулгамдсан асуудлаа тодорхойлон, түүнийг хэрхэн шийдвэрлэх санал, хүсэлтээ хэлэлцэж байна.

Зөвлөгөөнөөс төгсөлтийн дараах сургалтын чанар сайжирч, тогтвортой байдал хангагдан сургалт эрхлэх байгууллага чадавжих үр дүнтэй юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар