Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

2026-2029 ОНД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХ ШИНЭЭР ХҮСЭХ МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБООДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2025/12/30

Ажлын алба нь Эрүүл мэндийн сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2019 оны А/513 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын 3.2.3, 3.2.4, 3.3.1, 3.3.9 дэх заалт, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан мэргэжил, үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн чиглэлийн дагуу мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг 3 жилийн хугацаатай зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбооны сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Иймд Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн баталсан мэргэжил, мэргэшлийн дагуу дээрх журмын 5 дах хэсэгт заасан “Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоонд тавигдах шаардлага”-ыг хангасан, 2026-2029 онд эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах эрх шинээр хүсэх мэргэжлийн нийгэмлэг, холбоод материалаа бүрдүүлэн 2026 оны 01 дүгээр сарын 10ы өдрийн 17:30 цагийн дотор ажлын албанд албан бичгээр ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж 13 Б, 210648, шуудангийн хайрцаг 187, Утас: 70110893

Тавигдах шаардлага:

Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байх;
  • Сүүлийн 3-аас доошгүй жил үйл ажиллагаа тасралтгүй явуулсан байх (татварын тайлангаар баталгаажуулж татвар, нийгмийн даатгал болон санхүүгийн тайлан балансын өр авлагагvйг нотолно);
  • Байнгын орон тоо бүхий ажлын албатай байх;
  • Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилладаг нийт эмнэлгийн мэргэжилтний 51-ээс доошгүй хувийг гишүүнчлэлдээ багтаасан байх;
  • Гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний дэлгэрэнгүй бүртгэл мэдээлэлтэй байх;
  • Тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, багц цагийн богино хугацааны сургалт эрхлэх зөвшөөрөлтэй байх, батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх;
  • Гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний үр чадварыг тасралтгүй сайжруулах 3-5 жилийн төлөвлөгөөтэй байх;
  • Гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний 60-аас доошгүй хувийг тухайн мэргэжлийн чиглэлийн багц цагийн богино хугацааны сургалтад, 30-аас доошгүй хувийг тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад жил тутам хамруулдаг байх;
  • Гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний харьяалах эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг байх;
  • Холбогдох олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн гишүүн буюу тогтмол хамтран ажилладаг байх, үүнийг гэрээ, албан тайлангаар баталгаажуулсан байх;

Бүрдүүлэх материалын жагсаалт

1. Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах эрх хүссэн албан бичиг;

2. Эрүүл мэндийн сайдын "Журам шинэчлэн батлах тухай" 2019 оны А/513 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан "Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам"-ын 5 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан талаарх баримт, бичиг;

3. Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагыг баталсан төсөл /зарын хуудас, тэмдэглэлээр баталгаажуулсан байх/;

4. Журмын 8.2-д заасны дагуу мэргэшлийн зэргийн Ахлах, Тэргүүлэх шатлалын шалгалтыг зохион байгуулах хэлбэр болох сорил, бодлого, гардан үйлдэл, ярилцлага, тайлан хамгаалалт зэргээс сонгон 3 жилийн хугацаанд шалгалт зохион байгуулах хэлбэрийн санал;

5. Зөвлөх зэргийн шалгалтын зохион байгуулалтад тусгах санал;

Жич:

Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын албаны http://www.hdc.gov.mn/ цахим хаяг болон 70110893 дугаарын утсаар авна уу.

Гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулсан тусгай шаардлагыг нотлох шаардлагатай материалыг хавсаргана уу.

Хүний нөөцийн хөгжлийн алба 2025 он

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар