Эрүүл мэндийн хөгжлийн төв
Цахим хөгжлийн алба
Өгөгдөл бүхэн үнэтэй, үйлчилгээ бүхэн хариуцлагатай. Бид цахим хөгжлөөр манлайлна.
Цахим хөгжлийн алба нь Эрүүл мэндийн сайдын 2024 оны 03 сарын 05 өдрийн А/113 дугаар тушаалаар байгуулагдсан ба Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах, цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, нэгдсэн сангийн аюулгүй байдлыг хангах, мэргэжил арга зүйн зохицуулалтаар хангах, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон иргэдийг нотолгоонд суурилсан үнэн, зөв мэдээллээр хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Засгийн газрын 2024 оны 100 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам”-ын дагуу дараах ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Үндсэн чиг үүрэг
- Нэгдсэн сан, мэдээлэл солилцоо
Эрүүл мэндийн лавлагаа, төрөлжсөн мэдээллийн сангийн бүрдэл, хамралт, өгөгдлийн чанарт хяналт тавьж, нэгдсэн санг олон улсын стандартын дагуу бүрдүүлэн их өгөгдөл үүсгэх; мэдээлэл солилцооны агуулга, оролт, гаралтын нөхцөл, хувьсагчийг тогтоох. - Стандарт, архитектур
Салбарын энтерпрайз архитектур боловсруулах; ICD, FHIR/HL7, SNOMED CT, LOINC стандарт, кодчилол нэвтрүүлэх; программ хангамжийн бодлого, ажлын даалгавар боловсруулж, үнэлгээ хийх. - Кибер аюулгүй байдал
Салбарын кибер аюулгүй байдлын журам, дүрмийг боловсруулж хэрэгжүүлэх; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын систем, сүлжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх. - Цахим шилжилт, дэд бүтэц
Цахим гарын үсэг, тоон нэвтрэлтийг зохицуулах; хиймэл оюун ухаан, шинэ технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх; дотоод сүлжээ, сервер, программ хангамжийн тогтвортой ажиллагааг хангах. - Чадавх, түншлэл
Салбарын мэдээллийн технологийн ажилтныг чадавхижуулах; дотоод, гадаадын байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.
Хэрэгжүүлж буй гол ажлууд
- “Тайлан чөлөөлөх”
Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/123 дугаар тушаалаар шинэчлэгдсэн бүртгэлийн маягтыг өрх, сум, лавлагаа шатлалд нэвтрүүлж, хоног, сар, улирал, жилийн мэдээг тусламж, үйлчилгээний мэдээллээс автоматаар гаргаж тоон үзүүлэлтийн тайлангаас чөлөөлөх. - Хүн төвтэй эрүүл мэндийн нэгдсэн сан
Иргэний эрүүл мэндийн цахим карт, өвчтөн шилжүүлэх, цаг захиалгын үйлчилгээг мэдээлэл солилцооны систем, нэгдсэн санд тулгуурлан бий болгох. - Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн систем
Энэхүү систем нь эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэргэжилтний хөгжлийг дэмжих, хүний нөөцийн төлөвлөлт, удирдлагыг сайжруулах үндсэн зорилготой юм. - Магадлан итгэмжлэлийн систем
Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл явцыг бүрэн цахимжуулж, хүний хүчин зүйлээс ангид, ил тод, шударга үнэлгээний тогтолцоог төлөвшүүлэх нь энэхүү системийн эрхэм зорилго юм. - Донорын нэгдсэн мэдээллийн систем
Эрхтэн эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулалтыг бүхэлд нь буюу амьд донор, амьгүй донор болон эсийн донортой холбоотой бүртгэл, хүсэлт, зөвшөөрөл, хяналт, шийдвэрлэлтийг цахимаар удирдан зохион байгуулах зориулалттай систем юм. - Эрүүл мэндийн статистикийн нэгдсэн мэдээллийн систем
Эрүүл мэндийн статистик бүртгэл, тайлангийн “Health Info v3.0” систем нь эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн хууль, журмуудад үндэслэн салбарын бүх шатлалын эмнэлгүүдэд эрүүл мэндийн бүртгэлийг мэдээлэх хуудаснуудыг бүртгэн статистик тайлан мэдээ гаргаж илгээх зориулалт бүхий систем юм. - Эмийн үнийн ил тод байдлын систем
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр эмийн үнийн ил тод байдлыг хангах, Digital First бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй систем юм. - Вакцины мэдээллийг нэгдсэн санд төвлөрүүлэх
Цаашдын зорилго
Бид цаашид иргэн бүрийн эрүүл мэндийн мэдээллийг нэгтгэсэн цахим картын тогтолцоог хөгжүүлж, их өгөгдөлд суурилсан хиймэл оюуны системүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр шинэ технологийг үе шаттайгаар хэрэгжүүлснээр, өгөгдөлд суурилсан, хүн төвтэй, ухаалаг эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

