Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
“Антибиотикийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” 7 хоногийг тэмдэглэж байна

2011 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авах тухай” 6 үндсэн чиглэлийг батлан, гишүүн орнуудыг энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулахыг уриалсан. Энэ хүрээнд 2014 онд ДЭМБ-аас Нянгийн эсрэг эмэнд үүсэж буй даслын тандалт судалгааг олон улсын түвшинд хийж хэвлүүлсэн. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс 2013- 2014 онд бүсийн улс орнуудад нянгийн эсрэг эмийн даслын талаар судалгаа хийж, гол тулгарч буй бэрхшээлийг тодорхойлсон байна. Үүнд: Улс орнуудад Нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх цогц бодлого дутмаг, антибиотик эмийн хэрэглээ, нянгийн эсрэг эмэнд үүсэж буй даслын хянах тогтолцоо үндэсний болон бүсийн түвшинд хомс, нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх хариу арга хэмжээ авах тогтолцоо эрүүл мэндийн байгууллагуудад сул байгааг онцолжээ.

2014 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 65-р чуулганаас “Бүсийн хэмжээнд эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Тус төлөвлөгөөний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 16-22 –ны өдрүүдийг “Антибиотикийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоног болгон тэмдэглэхээр шийдвэрлэлээ.

Уг долоо хоногийг угтан “Эмнэлэгт нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх талаар оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь” сургагч багш бэлтгэх сургалтыг ЭМСЯ- наас ДЭМБ-тай хамтран 2015 оны 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулсан.

“Антибиотикийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аймаг, орон нутгийн эмч, эм зүйчдэд зориулан 2015 оны 11 дүгээр сарын 16 болон 19-ний өдрүүдэд теле сургалтыг зохион байгуулна. Уг сургалтаар антибиотик эмийн хэрэглээний өнөөгийн байдал, антибиотикийг эмчилгээнд сонгон хэрэглэхэд анхаарах асуудал, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эм зүйчдийн үүргийн талаар АШУҮИС-ийн багш, холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгнө. Мөн ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран эмнэлгийн мэргэжилтэн, хэрэглэгч нарт зориулсан “Антибиотикийн зохистой хэрэглээ”-ний талаархи ухуулга, сурталчилгааны материалыг боловсруулан, түгээж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх сарын аяныг “Антибиотикийг жорын дагуу хэрэглэе” “Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” уриан дор компанит ажлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр иргэдэд хүргэх удирдамжийг бүх эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх арга хэмжээний талаар “онлайн” сургалтыг зохион байгуулж байна.

Антибиотикт нянгийн дасал үүсэх, түүний эсрэг улс орнуудад болон олон улсын байгууллагаас авч буй арга хэмжээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг дараах интернет холбоосоор орж сонирхож болно.

https://www.dropbox.com/s/bszbphdwdin1i3x/AAW%20video2015%2011112015.mp4?dl=0