Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

 

Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөл, Монголын Яаралтай Тусламжийн Хөгжлийн Нийгэмлэг ТББ-аас  “Эмнэлгийн яаралтай тусламжийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” сэдэвт Монголын яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн үндэсний  чуулган 2014 оны 11 сарын 13-14-ны өдрүүдэд Эрүүл Мэндийн яамнаа амжилттай зохион байгуулагдлаа.

 Чуулга уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ нар  болон аймаг, дүүрэг, төв эмнэлгүүдийн яаралтай тусламж, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 200 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо. Сайд чуулганыг нээж үг хэллээ. Тэрээр “Та бид яаралтай тусламж, үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй, чанартай үзүүлж чадвал хэн нэгний нэг насны амьдралыг аварч байна гэсэн үг юм. Өвчтөнд эмнэлгийн анхны болон яаралтай тусламжийг хэрхэн үзүүлснээс өвчтөний амь насыг аврах, цаашдын тавилан нь хамаардаг.

 Монгол Улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны дотор яаралтай тусламж шаардлагатай цусны эргэлтийн тогтолцооны өвчин, осол гэмтэл орж байна. Мөн түргэн тусламжийн дуудлагын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Иймд ЭМЯ 2013 оноос Эмнэлгийн яаралтай тусламжийн Ерөнхий мэргэжилтэн, мэргэжлийн салбар зөвлөлийг шинээр байгуулж, хөтөлбөр, стратегийн хэрэгжилт, Эрүүл мэндийн байгууллагын гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээг хангах зорилгоор ЭМХТ-ийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтэс, аймаг, нийслэлийн ЭМГ-т яаралтай болон онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллуулж байна. 

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 49 дүгээр тушаалаар батлагдсан мэргэжлийн индекст “Яаралтай тусламж судлал” орсноор мэргэшсэн эмч, сувилагч бэлдэх нөхцөл бүрдэв. Энэ онд анхны 12 эмчийг сургаж эхэллээ. Мөн БНСУ –д аймаг, нийслэлийн 29 эмчийг яаралтай тусламжийн чиглэлээр сарын хугацаатай сургасан бөгөөд энэ онд 2300 гаруй эмнэлгийн болон эмнэлгийн бус хүмүүсийг амилуулах болон лавшруулсан яаралтай тусламжийн сургалтад хамрууллаа.

Гэвч бид олсон амжилтаа бататгах, ажлаа эрчимжүүлэх, яаралтай тусламж, үйлчилгээний тогтолцоо, менежментийг сайжруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх, даатгалд хамруулах, техник, багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх улмаар олон улсын жишигт ойртсон нэгдсэн тогтолцоо бий болгох чиглэлээр ажиллах шаардлагатай байна.

Чуулганы үйл ажиллагаа цаашид уламжлал болон тогтвортой үргэлжилж, чуулганаас гарсан үр дүн нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах болно гэдэгт миний бие итгэлтэй байна.”гэлээ.

Чуулганд ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ “Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд” Монголын яаралтай тусламжийн өнөөгийн байдал сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Тус чуулган зохион байгуулагдсанаар Засгийн газрын 2010 оны 318 дугаар тогтоолоор “Түргэн тусламжийн үндэсний сүлжээ хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар “БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, нэгжийн үлгэрчилсэн журам”, мөн 2013 оны 469 дугаар тушаалаар батлагдсан “Яаралтай тусламжийн шинэчлэл стратеги”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд түлхэц болох юм.

Тус чуулганаар хот, хөдөөд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж, мөн яаралтай тусламжийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж Яаралтай тусламжийн эмч мэргэжилтнүүдэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, тусламж үйлчилгээг сайжруулах, хөгжүүлэх санал гарган хэлэлцлээ.

Яаралтай тусламжийн тасаг нь эрүүл мэндийн байгууллагын нүүр царай болж байдаг. Иймээс Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийг үндэсний хэмжээнд нэгдсэн нэг зохион байгуулалтанд оруулж, дэлхийн жишигт хүрсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулах нь чухал юм. Өвчин , аюул ослын үед эхнээс нь зөв аргаар, технологифйн дагуу, цаг алдалгүй  анхны тусламж хүргэсэн тохиолдолд архагшихгүй, ужиграхгүй, хүндрэхгүй, нэмэлт өвчин халдвар авахгүй тогвортой байдалд хүргэх, онош тогтооход хялбар болох түүнчлэн дараа дараачийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үзүүлэхэд чухал үр дүнтэй нөлөөтэй юм. Анхны тусламжийг зөв үзүүлснээр амь аврах боломжийг нэмэгдүүлдэг, хүндрэлээс сэргийлж чаддаг тул яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлага өндөр юм.