Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫН ТОГТОЛЦОО” IV ЧУУЛГАН

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМЯ-ны Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн мэргэжлийн салбар зөвлөл, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг хамтран Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлын тогтолцоо бүрдсэний 5 жилийн ойн хүрээнд “ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЧУУЛГАН”-ыг 2019 оны 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Стандарт, хэмжил зүйн газрын дэд дарга Д.Сүхбаатар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн захирал Б.Очирбат нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд шагнал гардуулав. 

            Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 9 дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагын удирдлага, мэргэжилтэн, инженер, техникчид зэрэг 200 гаран төлөөлөгч чуулганд оролцлоо.

            Энэхүү чуулганаар  эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдал, шалгалт тохируулга, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээг сайжруулах, инженер техникчдийн нийгмийн асуудлын талаар хэлэлцэж, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын шугамаар “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн удирдлага, засвар үйлчилгээний сургалт”-ад хамрагдсан инженерүүд олон улсын туршлага, сурч мэдсэн зүйлсээ хуваалцаж, цаашдын зорилго зорилт, үйл ажиллагаагаа тодорхойллоо.