Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
“ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХАРИЛЦАА, ХАНДЛАГА,ЁС ЗҮЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх эмнэлгийн мэргэжилтний хандлага харилцаа ёс зүйг сайжруулах зорилгоор анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр Эрүүл мэндийн яам, Япон улсын ЖАЙКА байгууллага хамтран ажиллаж байгаа билээ.

Төслийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явц дахь эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага, ёс зүйн өнөөгийн байдалд үнэлгээ хийж, эмнэлгийн мэргэжилтэн ба үйлчлүүлэгчдээс судалгаа авсны үндсэн дээр  сургалтын агуулга, хэрэгцээг тодорхойлон, эмнэлгийн мэргэжилтний мөрдвөл зохих ёс зүйн үндсэн 5 зарчмыг боловсруулсан. 

Энэ онд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн үндсэн 5 зарчмын онолын мэдээлэл өгөх, зарчмын хүрээнд багаар ажиллах хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийх, тохиолдолд суурилан багаар дүрд тоглон дадлага хийх, ёс зүйг сайжруулах чиглэлээр Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллага, Монголын сувилагчдын нийгэмлэгтэй хамтран “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харилцаа хандлага” сургалтыг 8 удаа зохион байгуулж  2019 оны 11 сарын 01-ний өдөр дууслаа.

 Уг сургалтад нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа 9 дүүрэг, төв болон тусгай мэргэжлийн төвийн нийт 400 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.