Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГИЙН ЯВЦАД ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

ЗГХА-Эрүүл мэндийн газрын Дэд даргын баталсан удирдамжийн дагуу 4 хүний бүрэлдэхүүнтэй баг Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, 8 өрхийн эрүүл мэндийн төвд зонхилон тохиолдох халдварт бус өвчин /Артерийн гипертензи, Чихрийн шинжин хэв шинж 2, хөхний өмөн, умайн хүзүүний өмөн/-ий эрт илрүүлэг үзлэгийн явц, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийлээ. Үнэлгээнд эрт илрүүлэг үзлэг, оношлогоо, эмчилгээтэй холбоотой 20 асуумж бүхий хуудсыг ашигласан. 

Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүдэд  халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой эрүүл мэндийн сайдын тушаалууд, ЗГХА-ЭМГ-ын даргын албан даалгавар, эрт илрүүлэг үзлэгийн төлөвлөгөөний хэрэгжилт, удирдлагын болон мэргэжлийн багуудын үйл ажиллагаа, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулан мэргэжил арга зүйгээр хангаж буй байдал, эмч, мэргэжилтнүүд үзлэг, оношлогоо, эмчилгээг эмнэлзүйн удирдамжийн дагуу хийж байгаа эсэхэд үнэлгээ хийж, арга зүйн зөвлөгөөг өгсөн.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эрт илрүүлэг үзлэгт иргэд олон нийт, зорилтот бүлгийг хамруулах талаар хийсэн ажил, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлын явц,  эмнэлгийн мэргэжилтнүүдийн  үзлэг, оношлогоо эмчилгээнд эмнэлзүйн удирдамж, оношлогооны багаж, хэрэгслийг ашиглаж буй байдал, эрүүл ахуй, халдвар хамгаалал хог хаягдлын менежмент, үзлэгийн бүртгэлийн маягтын хөтлөлт, бүртгэл мэдээлэл зэрэг үйл ажиллагаануудад үнэлгээ өгсөн.

Мөн Монголын мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хуваарилагдсан эмнэлзүйн удирдамж, багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, хадгалалт, ашиглалтад хяналт тавьсан.

Үнэлгээний дүгнэлтээс үзэхэд Эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийгдэж буй зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгтэй холбогдон гарсан тушаал, шийдвэрүүд бүрэн хэрэгжээгүй, үзлэг эхлэл шатандаа явагдаж байна. Үнэлгээний багийн гишүүд эрүүл мэндийн байгууллага бүрт үзлэг, шинжилгээтэй холбоотой арга зүйн зөвлөгөө өгч, үзлэгийг эрчимжүүлж ажиллахыг зөвлөсөн.