Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Мэндчилгээ

Хүн ардын эрүүл энх” хэмээх нэгэн их үйлсийн төлөө  хүчин зүтгэж буй  мэргэжил нэгтнүүддээ болон дэмжин ажилладаг хамтрагч талууддаа  өөрийнхөө болон хамт олныхоо  нэрийн өмнөөс  мэндчилгээ дэвшүүлж,  эрүүл урт  наслахыг  хүсэн ерөөе.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Эрүүл мэндийн ажилтны мэдлэг, мэргэжил, мэргэшил болон ур чадварын хөгжлийг дэмжих, эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, шинэ мэдээлэл, мэдлэг үйлдвэрлэх замаар эрүүл мэндийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлж, үнэтэй хувь нэмэр оруулах үндсэн чиг  үүрэг бүхий  байгууллага юм.

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс шинэ бүтэц,  зохион байгуулалтын хүрээнд ажиллаж  байгаа хэдий ч, эрүүл мэндийн салбартаа нэр хүндтэй,  16 жилийн хөгжлийн түүхэн замналыг туулсан арвин туршлагатай байгууллага юм. 

Түүхийн товчооноос цухас дурдвал 1996 он буюу улс орон зах зээлийн харилцаанд шилжиж байсан эхэн үед эрүүл мэндийн удирдлага, мэдээллийг боловсронгуй болгох, удирдах ажилтныг бэлтгэх,  төгсөлтийн дараах сургалт зохион байгуулах, мэргэжил дээшлүүлэх, эрүүл мэндийн мэдээллийг шуурхай, үнэн зөв  хүргэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр анх  байгуулагдсан  түүхтэй.

Манай байгууллага Үндэсний хэмжээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх, телемедицин, түргэн тусламжийн сүлжээг өргөжүүлэн бэхжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг эрхлэн, эрүүл мэндийн байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж байна.

Хамт олон болон Хамтрагч талууддаа  нийтийн албаны үйлчилгээг чанартай, үр дүнтэй, шуурхай хүргэх  зорилгоор  дараах  зорилтуудыг  тавин ажиллаж байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн тогтолцооны судалгааг хөгжүүлж, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, хэрэглэгчдийг баримт, нотолгоогоор хангах
  • Засгийн газраас баталсан “Түргэн тусламжийн үндэсний сүлжээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэн бүрт эмнэлгийн яаралтай тусламжийг  хамгийн ойрын цэгээс, хойшлуулашгүй, шуурхай, стандарт-эмнэлзүйн удирдамжийн дагуу, мэргэжлийн түвшинд тасралтгүй үзүүлэх тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх
  • Эмнэлгийн мэргэжилтний  төгсөлтийн дараах  сургалтыг Эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй уялдуулан  тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлж, хөгжилтэй орнуудтай дээрх чиглэлээр хамтран ажиллах
  • Эрүүл мэндийн статистик, мэдээлэл боловсруулалтын шинэ системийг нэвтрүүлэн, цахим эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Мэдээллийн  технологи ашиглан алслагдсан орон нутгийн иргэдэд оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг шуурхай хүргэж,  эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг  телемедициний  сүлжээ ашиглан  зохион байгуулах 
  • Байгууллага болон  хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх  зорилгоор  гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Бид эрүүл мэндийн салбарын хөгжил,  шинэчлэлийн түүхииг хамтран  бичих  нэгэн  үеийг нээж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө,   мэдлэг,  оюун, сэтгэл, цаг хугацаагаа  зориулан ажиллана гэдгээ   тэмдэглэн хэлэхэд таатай  байна. 

Ингээд хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэж буй мянга мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид, Үе үеийн ахмадууд, эрдэмтэн, гавьяат, алдартнууд та бүхэндээ ажлын амжилт, амьдралд чинь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

Ажлын амжилт хүсье.  Ухааны мэлмий тунгалаг байг. 

 Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал

Ч.Бат-Эрдэнэ