Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“ТАЛАРХАЛЫН УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023/03/24

Японы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг /ЖАЙКА/-ийн Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмэр, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэх “Талархалын уулзалт”-ыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтад тус төвийн Удирдлагын зөвлөлийн гишүүд, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Төлөөлөгчийн газрын Боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд хариуцсан ажилтан  Кавабата Рэйко, Хөтөлбөрийн ахлах ажилтан Э.Анхцэцэг,  “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн Ахлах зөвлөх Акаши Хидэчика, Сувилахуй хариуцсан мэргэжилтэн Сугавара Чикако, Эх барихуй хариуцсан мэргэжилтэн Икэмото Мэгүми, Төслийн Зохицуулагч Камэда Харүо болон төслийн ажилтнууд оролцлоо.

2011 онд тус төв  нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар байхад тус агентлагийн дарга Ш.Энхбат, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөлөгчийн газрын дарга Исогай Тошинори нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар 2 байгууллагын хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй бөгөөд үүнээс хойш тасралтгүй хөгжиж ирлээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь ЖАЙКА-ийн эмнэлгийн мэргэжлийн сайн дурын ажилтанг манай улсад ажиллуулахаар эхэлж байсан бол одоо төслийн баг байгуулагдан эмч, сувилагч, эх баригчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахад  ихээхэн хувь нэмэр оруулсан томоохон төсөл болон өргөжснөөс гадна өөр олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.

Тухайлбал, Коронавируст халдварт цар тахлын үед ЭМЯ-ны захиалгаар ЖАЙКА-гийн санхүүжилтээр “Ковидын нэгдсэн удирдлага, хяналтын дэд систем” програмыг хөгжүүлэн 2022 онд тус төвд хүлээлгэн өгсөн. Энэхүү  програмыг ашиглан  Ковид19-ын өвчлөлийн өдөр тутмын мэдээллийг нэгтгэн www.1313.mn цахим хуудсаар мэдээллэж байна. Мөн энэ цахим хуудсаар Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарт үйлчлүүлэгчийн хөндлөнгийн үнэлгээний мэдээллийг оруулж, эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.