Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

ТАЛАРХАЛЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023/03/01

Эрүүл мэндийн салбарын хөгжилд бидний оруулж буй хувь нэмэр нь хамтарч ажилласан гадаад, дотоодын байгууллагуудтай салшгүй холбоотой. Иймээс тус төвөөс санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаа Олон улсын байгууллагуудтайгаа “Талархалын уулзалт” зохион байгуулж байна. Энэ удаад төвийн захирал Б.Нарантуяа болон албадын дарга нар, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Искаланте болон Үндэсний зохицуулагч Э.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тус төв нь байгуулагдсан цагаасаа ДЭМБ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, судалгаа шинжилгээ хийх, хүний нөөцийг чадавхжуулах, сургалт семинар зохион байгуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг  чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна. 

Сүүлийн таван жилд л гэхэд тус төв, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр нийт 40 гаруй төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал:

Монгол улсын хүн амын нас баралтын анхдагч мэдээллийн чанар, хамралтыг ANACONDA tool-ээр үнэлж, мэдээллийн чанарт нөлөөлж буй нэн тэргүүнд засаж сайжруулах шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлсон. Энэхүү үнэлгээг хийхэд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар “Төрөлт, нас баралт ба нас баралтын шалтгааны мэдээллийн чанар ба хэрэглээг сайжруулах нь Стандартад-суурилсан үнэлгээний заавар”-ыг Монгол хэлэнд хөрвүүлэн өгч, нэгдсэн аргачлал болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажилласан.

Түүнчлэн Kоронавирүст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн статистик мэдээ, мэдээллийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, сургалт зохион байгуулсан төдийгүй СOVID-19-ийн цар тахлын нөхцөл байдлын үеийн хүн амын нас баралтын мэдээлэлд хэрхэн өөрчлөлт гарсан эсэх “Excess mortality”-г тооцоолж дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг гүйцэтгэсэн.

Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд ДЭМБ-тай хамтран ажиллаж олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Үүнд: ЭМТҮЧАБА-ны 267 эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан судалгаа хийсэн. ДЭМБ-с зохион байгуулсан цуврал  вебинарын  9 хичээлийг 3 удаагийн цахим сургалтаар нийт 700 гаруй эмнэлгийн мэргэжилтэнд хүргэсэн. Монгол-Японы эмнэлгийн чанар, аюулгүй байдлын  туршлага судлах арга хэмжээг зохион байгуулсан. Чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр эрдэм шинжилгээний цахим бага хурлыг зохион байгуулан, 120 гаруй эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, шилдэг  4 илтгэлийг хэлэлцсэн.  “Эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдал” төрөлжсөн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж,  баталгаажуулсан.  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний Чанар, аюулгүй байдлын Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж 35 үндэсний сургагч багштай болоод байна.

“Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл-2021” эмхэтгэл, “Тохиолдын бүртгэл, сургалтын тогтолцоонууд" гарын авлага, “ Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” ном, "Хор хөнөөлгүй эмийн эмчилгээ" номыг боловсруулан хэвлүүлж түгээсэн.

Түүнчлэн Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг хамтран зохион байгуулж ирсэн.

“Эрүүл мэндийн үзүүлэлт” эмхтгэлийг 2016 оноос эхлэн 6 жилийн турш хэвлүүлэн салбарын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон мэдээлэл хэрэглэгчдийн хүртээл болгоход  дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан.

Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.