Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2022/05/12


Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, JICA Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн 1 дүгээр үе шатны (2015 – 2020 он) үр дүнг тайлагнах, 2021 оноос хэрэгжиж эхэлсэн “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” -ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулах уулзалт хурал УГТЭ-ийн хурлын танхимд 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагаас зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, Жайка-н Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шинэчи, ЭМЯ-ны БТГ-ын СТХ-ийн ахлах шинжээч Д.Баярмаа, ЭМХТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Батцоож, Жайка төслийн нэгжийн ахлах зөвлах Хидэчика Акаши болон сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл, эмнэл зүйн сургагч багш нарын төлөөлөл, холбогдох бусад албаны хүмүүс оролцлоо.

Төслийн 1 дүгээр үе шатанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нарын төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэх, шинэчлэх, чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулсан бөгөөд төслийн 2 дугаар үе шатанд сувилахуй, эх барихуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” нэртэйгээр хэрэгжиж байна.

Өнгөрсөн хугацаанд бид хамтран “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, тус чиглэлээр сургалт эрхлэх жишиг байгууллагаар Орхон аймгийн БОЭТ, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийг сонгон 2018 оноос анхны элсэгчдийг хүлээн авч дээрх сургалтыг эхлүүлсэн. Дээрх 2 байгууллага дээр нэмэгдэн “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий 3 байгууллагад ( Дорнод аймгийн БОЭТ, Монгол Японы эмнэлэг, УГТЭ) 2018 оноос хойш нийт 96 резидент эмч элсэн суралцсан байна. Мөн түүнчлэн сургалт эрхлэх байгууллагын явцын үнэлгээний шалгуур хуудсыг боловсруулан 2019 оноос хойш сургалт эрхлэх байгууллагын зөвшөөрөл бүхий 23 байгууллагад явцын үнэлгээг хийж гүйцэтгэж байна. Төслийн явцад хэрэгжүүүлсэн гол үйл ажиллагааны нэг нь үндэсний чиглүүлэгч багш болон сургагч багшийн сургалтыг зохион байгуулах байсан бөгөөд одоогийн байдлаар үндэсний хэмжээнд эмнэл зүйн чиглүүлэгч багш – 91, эмнэл зүйн сургагч багш нийт – 914, сувилахуйн чиглүүлэгч багш - 32, сувилахуйн сургагч багш -159 бэлтгээд байна.

Төслийн 2 дугаар үе шатанд Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтыг орон даяар өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна сувилахуй, эх барихуйн салбарт шинэ сувилагч, эх баригч нарыг ажлын байран дээр сургаж, дадлагажуулах, сургалтын хөтөлбөр боловсруулж, нэвтрүүлэх замаар төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.