Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022/04/18

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/136 тоот тушаалаар 2022 оныг “Эрүүл  мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Эрүүл  мэндийн хөгжлийн төвийн Магадлан итгэмжлэлийн алба нь ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтэстэй  хамтран Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын сургагч багш бэлтгэх багц цагийн сургалтыг 2022 оны 04 сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тусламж үйлчилгээний чанарын удирдлага, зохион байгуулалтын хүрээнд ДЭМБ-ын зүгээс баримталж буй бодлого, чиглэл,  тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдэлийн тухай ойлголт,  чанарын үзүүлэлтүүд, чанар сайжруулах арга хэрэгслүүд, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, үндэсний болон олон улсын чанарын баталгаажилтын стандарт, шалгуур үзүүлэлтийн талаар онолын хичээл явагдсан. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний  чанар, аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөө боловсруулах, үнэлэх, тайлагнах арга зүйн онолын хичээл орж, тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, шалтгаан, үр дагаврын шинжилгээ хийх, хариу арга хэмжээ төлөвлөх ур чадварыг сайжруулах хүрээнд бүлгийн ажлыг зохион байгууллаа.  

Сургалт аар Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөөс бүрдсэн нийт 30 сургагч багшийг бэлтгэсэн. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь 2022 оноос эхлэн нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын албадын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгуулна. Сургалтанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтнүүдэд 2 багц цагийн цахим гэрчилгээ олгосон.