Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн яармаг-2019

2019/10/01

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор эрүүл мэндийн салбарын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аяны хүрээнд, эрүүл аюулгүй ажлын байр бүхий дэмжлэгт орчин бүрдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын сул ажлын байрыг олон нийтэд мэдээллэх, сурталчлах зорилгоор өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна.

ЭМЯ, ЭМХТ, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Төрийн бус байгууллагууд, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан зохион байгуулж байгаагаараа өнөөдрийн арга хэмжээ онцлогтой юм. 

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын тоо 2017 онтой харьцуулахад 2018 онд 3,5 хувиар ихэссэн, өөрөөр хэлбэл 4300 эрүүл мэндийн байгууллагад 52300 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагаас гадна анагаах ухааны боловсрол олгогч төр болон хувийн хэвшлийн 16 их дээд сургуулийг 2019 онд 3500 орчим эмч эмнэлгийн мэргэжилтнүүд төгсөн гарч байна.

Хөдөлмөрийн яармаг-2019 арга хэмжээний хүрээнд хүрээнд нийслэлийн 37 эрүүл мэндийн байгууллага, хөдөө орон нутгийн 126 эрүүл мэндийн байгууллагаас 264 сул ажлын байрны мэдээлэл ирсэн ба дүрс оношлогооны эмч, дотрын эмч,  сувилагч мэргэжлийн сул ажлын байр хамгийн их байна.

Өнөөдрийн арга хэмжээнд Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагатай хамтран анх удаа зохион байгуулсан  “Ерөнхий мэргэшил судлал’’  сургалтыг төгссөн 19 төгсөгч дипломоо гардан авч байгаа бөгөөд цаашид эдгээр төгсөгчид маань эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа ажлын байранд ялангуяа хөдөө орон нутагт анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагад шууд гарч ажиллах боломжоор хангагдаж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд эмч эмнэлгийн мэргэжилтнүүд маань төгсөлтийн дараах үндсэн, төрөлжсөн, дээшлүүлэх сургалт, ерөнхий мэргэшил судлалын сургалт, мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа, тасралтгүй сургалтын багц цаг бүрдүүлэлт, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын талаарх мэдээллийг нэг дороос авах таатай боломж бүрдэж байна.