Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

“Олон улсын сувилагчдын баяр”-ын мэнд хүргэе

2020/05/12

Өнөөдөр “Олон улсын сувилагчдын өдөр”

Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох 5 дугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон  тэмдэглэж ирсэн билээ.

Энэ удаагийн “Олон улсын сувилагчдын өдөр” нэгэн онцлогтой болж байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн ассемблейн 72 дугаар их хурлаас 2020 оныг “Сувилагч, эх баригчийн жил” болгон зарласан явдал юм. Тус хурлын үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом: “ДЭМБ 2020 оныг Сувилагч эх баригчийн жил болгон зарлаж байгаадаа үнэхээр баяртай байна. Энэ хоёр мэргэжил бол дэлхийн хаа ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг мэргэжил юм. Сувилагч, эх баригчгүйгээр бид Тогтвортой хөгжлийн зорилтод хүрч чадахгүй билээ” хэмээн хэлсэн.

Олон улсын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Аннет Кеннеди энэ талаар:

“Дэлхий даяар ажиллаж буй 20 сая хүн сувилагч мэргэжлийг сонгосондоо бахархаж байдаг билээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сувилагч эх баригчид ямар их хувь нэмэр оруулж байгааг харж өнөөдөр 2020 оныг Сувилагч, эх баригчийн жил болгон зарлаж байгаа ДЭМБ-ын захирал Тедрос Адханом болон нийт гишүүддээ гүн талархал илэрхийлье. Флоренс Найнтингелийн дэнлүү сувилагчдын ажиллаж байсан газар бүрийг гэрэлтүүлж байсан шиг 20-20 зорилт маань шинэ зуунд мөн ертөнц даяар гэрэлтэх болно.” гэжээ.

“Сувилагч, эх баригчдын жил” хэмээн зарласантай холбогдуулан мэргэжлийн хувьд бодит өөрчлөлт хийх, сувилахуйн боловсон хүчнийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулахын тулд шийдвэр гаргах, шийдэлд хүрэх боломжийг гаргаж өгч байна.

  Эрүүл мэндийн хөгжлийн төв 2019 оноос Сувилагч, эх баригчдын төгсөлтийн дараах сургалтад онцгойлон анхаарч, Монгол улсад Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог шинэчлэх ажлуудыг эхлүүлээд байна.

    Энэхүү шинэчлэлийн хүрээнд Япон улсад “Сувилахуйн төгсөлтийн дараах сургалт - Японы шинэ сувилагчийн сургалтын тогтолцоо”  сургалтад 5 сувилагчийг сургаснаас гадна 2019 оноос төгсөлтийн дараах сургалт удирдах сувилагч,  эх баригч нарт “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж нийт 41 сургагч багш, 8 чиглүүлэгч багшийг бэлтгээд байна.

Сувилагч, эх баригчийн жилд 144 сургагч багш, 48 чиглүүлэгч багшийг бэлтгэх зорилт тавиад байна.

Сувилагч, эх баригчдын хөгжлийг тодорхойлох зорилгоор төгсөлтийн дараах сургалтын мэргэшлийн индексийг олон улсын жишигт нийцүүлэх, эх баригчдын төрөлжсөн мэргэшлийн сургалтын индексийг бий болгох чиглэлээр санал боловсруулан эрүүл мэндийн яаманд хүргүүлж, мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэхээр “Үр дүнд суурилсан” сургалтын хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна.

Эрхэм сувилагч, эх баригч та бүхний энэрэн сувилах буянт үйлсэд тань мэхийн хүндэтгэж, амжилт хүсэе.

“Олон улсын сувилагчдын баяр”-ын мэнд хүргэе