Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллана

2023/05/29

Тус төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран ажиллах асуудлаар санал солилцох уулзалтыг  5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Уг уулзалтад ЭМХТ-ийн захирал, АУ-ны доктор Б.Нарантуяа болон албадын дарга нар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн хорооны талаас Намын дэд дарга Жан Хурц, Гадаад харилцаа, сурталчилгааны хэлтсийн дарга Гоу Шү Фан,  тус хэлтсийн ажилтан Гоёноо нар оролцлоо.


Уулзалтаар талууд олон улсын хамтарсан хурал зохион байгуулах, Монгол анагаах ухааны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, төгсөлтийн дараах сургалт, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн чиглэлээр хамтран ажиллаж, туршлага солилцон хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

10 гаруй жилийн түүхтэй 2 байгууллагын хамтын ажиллагаа Ковид-19 цар тахлын жилүүдэд завсардаад байсан бөгөөд энэ жилээс эрчимжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд  нийслэлийн хэмжээнд уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа улсын болон хувийн хэвшлийн эмч нарт “Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн олон улсын сургалт”-ыг энэ оны 1 дүгээр сарын 03-наас эхлэн 12 хоногийн турш  зохион байгуулсан. Сургалтад 150 уламжлалтын эмч хамрагдаж, 88 цагийн хичээлийг амжилттай судлан, эмнэл зүйн ур чадвараа дээшлүүлсэн.

Сургалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэг, Анагаах ухааны их сургуулийн Монгол анагаах ухааны Дээд сургуулийн эрдэмтэн мэргэд, эмнэл зүйн олон жилийн туршлагатай 50 нэрт эмч, мэргэшсэн сувилагч нар удирдан явуулж, Монгол анагаах ухааны үндсэн онол, суурь мэдлэг, мэргэдийн сургаал, сурвалж бичиг, дотрын чиглэлээр 23 агуулга, гал зүү, хялгасан зүү, бүлээн зүү, нируха засал, цэгээн засал, хануур зэрэг заслын 53 агуулгаар видео хичээл, гардан үйлдэл хийж үзүүлсэн билээ.