Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Эмнэл зүйн сургагч багшийн 48 дахь удаагийн сургалт зохион байгууллаа

2023/05/22

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй 2015-2020 онд  хэрэгжүүлсэн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсоргуй болгох төслийн дэмжлэгээр 2016 оноос “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж эхэлсэн.

Энэ хүрээнд  1153 эмч, 254 сувилагч, 48 эх баригчийг эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэгдсэний 83 эмч, 46 сувилагч, 10 эх баригч нь чиглүүлэгч багшаар бэлтгэгдсэн.   

2022 оноос аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг явуулах сургалт эрхлэх байгууллагыг өргөжүүлэх зорилго тавин энэхүү ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Үүний нэг нь Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг сургалт эрхлэх байгууллага болохоор хүсэлт тавьсаны дагуу “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх 48 дахь удаагийн сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд  орон нутагт буюу тус аймагт зохион байгууллаа.

Сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төв дээр зохион байгууллаа.

Сургалтын нээлтийн арга хэмжээнд Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан, Эрүүл мэндийн газрын дарга Д.Түвшинбаяр, аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Г.Оюунжаргал нар оролцсон.

Орон нутгийн удирдлагууд “Нэгдсэн эмнэлэг сургалт явуулах орчин нөхцлийг шинээр бүрдүүлж сургалтын бааз болж, бэлтгэгдсэн сургагч багш, суралцагч  нараа чадавхижуулж, өөрсдийгөө хөгжүүлэх, орон нутагт шилжин суурьших эмч мэргэжилтний тоо нэмэгдүүлэх, өрх сумын эрүүл мэндийн төвд ажиллах эмч мэргэжилтнийг орон нутагтаа бэлтгэх, бэлтгэгдсэн эмч нар нарийн мэргэшил эзэмшиж ирээд орон нутагтаа эргэж ажиллах, 1 жил Улаанбаатар хотод гэрээсээ хол, өндөр өртөгтэй зардал гаргахгүйгээр орон нутагтаа бага зардлаар ажиллан суралцах маш том боломж нээгдэж байгаа нь эдийн засгийн хувьд үргүй зардал хэмнэсэн, цаг хугацаа хожсон үр дүнтэй, ач холбогдол өндөртэй сургалт болохыг онцлон дүгнээд,   алслагдсан хүн ам ихтэй орон нутгийг сургалт эрхлэх байгууллага болгохоор дэмжиж Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтыг анх удаа орон нутагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийг сонгож зохион байгуулж буй Эрүүл мэндийн хөгжлийн төвд талархахын зэрэгцээ аймгийн нэгдсэн эмнэлгийг сургалт эрхлэх байгууллага болоход нь сургалтын орчныг бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэхэд бүхий л талаар дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлсэн.

Сургалтыг Япон улсад зохион байгуулагддаг “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх” сургалтын агуулгын хүрээнд Улсын хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Монгол Японы эмнэлэг, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд бэлтгэгдсэн үндэсний чиглүүлэгч багш нар удирдан явуулсан ба мөн Японы Жайка Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн зохицуулагч ахлах зөвлөх Иноүэ Нобуаки мэргэжил арга зүйгээр хангаж хамтран ажиллалаа.

Энэ удаагийн орон нутагт зохион байгуулсан сургалтад Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг /15/, сум /1/, өрхийн эрүүл мэндийн төв /1/, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн /7/ нийт 24 эмч нарыг хамрагдаж Эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэгдлээ.