Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019/10/03

2018 оны 4-р сарын 14-ны өдөр Токио хотноо хуралдсан Дэлхийн улс орнуудын сайд нарын III дээд хэмжээний уулзалтаар  Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх Токиогийн Тунхаглалыг батлан гаргасан. Энэхүү тунхаглалаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад шаардлагатай шинжлэх ухааны үндэслэлтэй тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхийг ДЭМБ-ийн гишүүн орнуудад уриалсан байдаг.

 Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал нь дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл хэмээн хүлээн зөвшөөрч,  194 улс нэгдсэн Дэлхийн эрүүл мэндийн 72-р чуулганаар жил бүрийн 9-р сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Жил бүрийн энэ өдөр ДЭМБ  үйлчлүүлэгчийн аюулгүй байдлалд олон нийтийн оролцоо, мэдлэгийг нэмэгдүүлэх, дэлхий нийтийн үйл ажиллагаа, эв нэгдлийг идэвхижүүлэх, ойлголтыг сайжруулахад анхаарал хандуулахыг зорилго болгож байна.

Энэ жилийн  9 сарын 17-ны өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл бол Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдвийн дор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг  үйлчлүүлэгчид, гэр бүл, асран хамгаалагчид, олон нийт, бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн салбарын удирдагчид, эрүүл мэндийн ажилтнууд хамтдаа үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаар амлалтаа хэрэгжүүлэн тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байгаа юм.

Манай улсын хувьд энэ өдрийг бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд тэмдэглэн өнгөрүүлж байна.