Мэргэжлийн зэрэг олгох онолын шалгалт зохион байгуулагдлаа.
Энэ жилийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн зэрэг олгох онолын шалгалтыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2018 оны 2–р хурлын тогтоолоор баталсан чиглэлүүдийн дагуу 11-н мэргэжлийн салбар зөвлөл, 11-н нийгэмлэг, 3-н холбоо нийт 25 байгууллагад мэргэжлийн зэргийн шалгалт зохион байгуулах эрх олгосны дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын “2018 онд мэргэжлийн зэргийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний нэрс, чиглэл, шалгалтын комиссын бүрэлдэхүүн, хуваарь батлах тухай” 2018 оны 09-р сарын 19-ний өдрийн А/131 дугаар тушаалаар батлагдсан шалгалтын комисс, хөндлөнгийн хяналтын бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажиллах гэрээний хүрээнд 2018 оны 09-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын тушаалаар мэргэжлийн зэргийн онолын шалгалтад 1121 эмнэлгийн мэргэжилтэн орох ёстойгоос шалгалтад орсон -1021, онолын шалгалтад ирээгүй - 99 эмнэлгийн мэргэжилтэн байна.
Онолын шалгалтад орсон 1021 эмнэлгийн мэргэжилтэн шалгалт зохион байгуулах эрх бүхий мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбооны битүүмжлэн ирүүлсэн мэргэшлийн чиглэлийн - 80, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн битүүмжлэн ирүүлсэн хууль эрх зүй, ёс зүйн чиглэлийн - 20 нийт 100 асуулт бүхий сорилыг 120 минут бөглөн онолын мэдлэгээ шалгууллаа. Шалгалтын амжилт 55.4 хувьтай байна.
– Онолын шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтний тоо – 566;
– Онолын шалгалтад тэнцээгүй эмнэлгийн мэргэжилтний тоо - 455;
Сувилахуй судлалын чиглэлээр онолын шалгалтад 518 эмнэлгийн мэргэжилтэн орсноос зөвлөх зэрэг горилох шалгалтад 19 эмнэлгийн мэргэжилтэн орсон байна. Шалгалтын амжилт 33 % байлаа. Үүнээс:
– Улаанбаатар хотод зохион байгуулсан онолын шалгалтад тэнцсэн -119,
– Говь–Алтай аймагт зохион байгуулсан онолын шалгалтад 52 эмнэлгийн мэргэжилтэн тэнцсэн байна.
Энэ жилийн шалгалтын тухайд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн тогтоолоор Сувилахуй судлалын чиглэлээр мэргэжлийн зэрэг горилох хүсэлтэй эмнэлгийн мэргэжилтнүүдэд дараах боломжуудийг бүрдүүллээ. Үүнд:
- Онол болон дадлага шалгалтын босго оноог 85 байсныг бууруулан 80 болгосон.
Сувилахуй судлалын чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалахад боловсролын докторын зэрэг хамгаалсан байх нийтлэг шалгуурыг мөрдөхгүйгээр шалгалт зохион байгуулсан болно.
